Нэг ийм л

Төөрөлдсөн хачин жаалын

Төө гуниг, тохой асуулт

Төөнөгдсөн мухар тархиний

Төхөөрсөн үгс, миний шүлэгнүүд...


Ор шидгүй ертөнцөд ганцаар хэсүүчлэнэ

Ододтой наргиж гунигийг хуучилна

Онцгой хүслийн учрыг надад хэлж өгнө

Орон зайг эвхэхэд зөвхөн тэр л үлдэнэ


Нойрноос сэрээд нүдээ нээж чадахгүй

Нойтон гэрлийн гялбаа тавлаж ханахгүй

Хөшигний доороос цаг хугацаа шагайхыг бусад нь харахгүй

Хөлдсөн харцанд дахиж аних зориг хүрэхгүй


Өнөөдөр наргүй бас саргүй

Өнчин улиас л үхсэн навчсныхаа төлөө шаналана

Өнгөц хэлбэр утгагүй үгсийг гинжлээд

Өөр ертөнцийн хаалганаас савлуурдаж тоголно


Сансрын цүнхээл рүү чулуудсан бодол

Сарниж ойсоор ёроол руу нь далдрана

Сайхан дурсамжийг цагтай арцалдан хадгалахад

Санасан сэтгэлийн цус нөжирч тогтоно


Няцарсан амьсгал хүндээр хяхтнана

Нялхарсан өвдөлт хүчээр анивчина

Нил ягаан зүүдэнд огт оргүй оршихуй

Нисэх хүсэл л өндөлзөөд, ядаж л хүсэл...


Сонсож үзээгүй эртний ая хаа нэгтээ ...

Сохор туйлчийн увдис хараа хайрлан тэнүүчлэнэ

Солирын бороонд шүхэргүй алхахад өвдөнө

Сайхан шөнө гэвч ингээд л өнгөрсөнд үлдэнэ


Уул нарыг залгиж байна

Угтаа нар далдарж байна

Уртаа сүүдэр тэнгэрийг зуурахад

Унтаа нар жаргалдаа уусна


Би ахиад нэг бургер идэх ёстой

Тэгээд инээх ёстой

Чиний харцыг мэдсэн ч нүдээ аних ёстой

Зүүдэндээ хайртай ч сэрэх ёстой тэгээд ахиад инээх ёстой

Үүрд гэж байхгүй үхэл л гэж бодох ёстой

Үнсэлт гэж байхгүй шунал л гэж бодох ёстой

Бурхан гэж байхгүй санамсаргүй л гэж бодох ёстой

Буруу зөв ч ахиад инээх ёстой...


Бодол хөвнө яг л хөвөн шиг

Бяцхан өрөөний гүн хязгааргүй

Ахиад л өөр хэмжээс өөр орчил

Амьсгалах чимээ тасралтгүй холхино

Зүүд шиг бодит мэдрэмжинд живнэ

Зөвхөн энд л жинхэнэ би байх шиг

Гэтэл энэ бүхэн худал бол яана

Гэрэлгүй тийм ертөнц байхгүй бол яах вэ

Цорын ганц нь энд л юм болов уу

Цохилох зүрх зогсоод л унтарчихдаг юм у

Яг л ингээд л хүмүүс шиг инээж уйлаад л

Ядарсан баярхсан харц тэнүүчлээд л

Жаргал гэж жаргаж зовлон гэж зовоод л

Жар дал наслаад л оргүй алга болоод л

Цаг хугацааны харцанд элэгдээд л

Цагаан үсээ хөгширч байна гэж итгээд л

Хөөцөлдөөд л хөхрөлдөөд л

Хөөрхөн муухай гэж шаагилдаад л

Хөрөнгөтэй өнгөтэй гэж зүтгэлээд л

Хөгжилтэй шүү ууг нь энд

Гэхдээ л энд байх хүсэл төрөхгүй байх шиг

Гэнэн тэнэгтээ л тэр байх л даа

Тэгвэл ганц л юм асууя л даа

Тэгтлээ их хайрлдаг амьдралын чинь үнэ нь утга нь хаана юу юм???

Бахархалтай бадрангуй зоригтой

Баараггүй энэ гээд л хэлчих харц байна уу?

最后编辑于
©著作权归作者所有,转载或内容合作请联系作者
平台声明:文章内容(如有图片或视频亦包括在内)由作者上传并发布,文章内容仅代表作者本人观点,简书系信息发布平台,仅提供信息存储服务。

推荐阅读更多精彩内容